Нэгдүгээр үндсэн ялгаа нь улны нумралт буюу хатуулаг чанар байдаг. 4 улирлын загваруудын ул нь зохих хэмжээний нумралт буюу хөлний нумралтыг дагах шинж чанартай байдаг. Ингэснээр эдгээр гутлуудыг 4 улиралд олон уулын 4000 метр (орон орны цаг агаараас хамаараад хэлбэлзэх боломжтой) хүртлэх авиралт болон өдрийн болон олон хоногийн үүргэвчтэй аялал зэрэг олон төрлийн хэрэгцээнд өмсөх боломжтой байдаг. Харин уулын өндрийн авиралт хийхэд орчин нөхцөл нь илүү бэрх, хурц хад чулуу ихтэй, гишгэх зай талбай хязгаарлагдмал байдаг. Ийм учраас өндрийн уулын гуталны ул туялзаж нумрахгүй тууш шийдэлтэй, нэмэлт олон давхаргатай, зарим хүмүүсийн нэрлэдэгээр хатуу байдаг. Ингэснээрээ дөнгөж өлмийний хоншоороор гишгэгдэл авахад гутлын бүтэн улаар хавтгай гадаргууд гишгэж байгаа юм шиг уулчны биеийн жин, үүргэвч болон бусад ачааны жинг даах учиртай.
Хоёрдугаар үндсэн ялгаа нь гутлын давхарлагаа байдаг. 4 улирлын гутлууд ихэвчлэн нэг дан шийдэлтэй байдаг бол өндрийн гутлууд дотроо бойтог хэлбэрийн оймс, түүний гадуур үндсэн гутал, зарим тохиолдолд дахиад түүний гадуур өвдгөнд тулсан үргэлж түрий гэх мэт 2-3 давхар шийдэлтэй байдаг. Энэ нь мэдээж хэрэг уулын өндөр нэмэгдэх тусам агаарын хэм буурдагтай холбоотой юм.
Бусад ялгаануудаас дурдвал 4 улирлын загварууд илүү хөнгөн, өмсөж тайлахад хялбар, хөлд хэвшигнэх хугацаа бараг шаарддаггүй байдаг бол өндрийн загварууд нь автомат крампон (хэт өндрийн авиралтад гутланд нэмэлтээр тавьдаг хадаас) -ийн ховил, бээлий тайлахгүйгээр чангалж суллах трос үдээс гэх мэт илүү мэргэжлийн талын нэмэлт тоноглолуудтай байдаг.