Шавар шавхайндаа баригдсан уулын гутал нь сайхан цагийн дурсамж гэлтэй. Гэхдээ удаан хугацаагаар гутлын гадна талд дагтарших хатсан тоос шороо, шавар шавхай нь гутлын материалыг идэж үжрүүлэх эрсдэлтэй. Мөн цаг хугацааны туршид гутлын түрийгээр давж таны нүдэнд анзаарагдалгүйгээр гутлан дотор хуримтлагдсан нарийн тоос, бичил хайрга чулуу нь үрэлтийн явцад Gore-Tex доторлогоог гэмтээж, ус нэвтэрдэг болоод ирэх аюултай.
Тиймээс уулын гутлыг, тэр дундаа "Gore-Tex" -тэй буюу усны хамгаалалттай гутлыг "юм үзээд" ирсэнийх нь дараа цэвэрлэж байх нь чухал шүү. Хүнд аялал, алхалтаас ядраад ирсэн бол үүдэндээ тайлж хонуулаад маргааш нь цэвэрлээрэй.
За тэгвэл яаж зөв цэвэрлэх вэ?
1. Улавч, үдээсийг нь аваад гутлын доторх болон гаднах элс, хайрга, шороо зэргийг сэгсэрч, гадна талд наалдаж үлдсэн шавар шавхайг зөөлөн үстэй сойз эсвэл даавуугаар унагана. "Зөрүүдлээд" байгаа шавар шавхайнд арай жаахан ширүүн үстэй сойз хэрэглээд үзээрэй. Мөн үдээсний нүд, хэлний нугалаасанд нуугдаж үлдсэн "нөхдүүдийг" мартваа
2. Түмпэнд бүлээн ус хийгээд сойз эсвэл алчуураар гутлынхаа гадна талыг цэвэрлээрэй. Ингэхдээ заавал янз бүрийн хүчтэй бодис хэрэглэх огт шаардлагагүй, жаахан гарын савантай бүлээн ус байхад л хангалттай.
АНХААР: Gore-Tex -тэй гутлын дотор талыг зөөлөн хуурай (эсвэл маш бага чийгтэй) алчуур, порлон-оор цэвэрлээрэй. Нойтон цэвэрлэгээнээс аль болох татгалзаарай. Угаалгын машинд битгий угаагаарай. Gore-Tex доторлогоо нь нүдэнд үл үзэгдэх бичил сүвнүүдээс бүрддэг бөгөөд норгосон доторлогоо эргээд хатахдаа сүвнүүд нь агшиж хатах магадлалтай. Ингэвэл гутлын амьсгалах чадварт муугаар нөлөөлнө.
3. Цэвэр усаар зайлж саванг нь арилгахаа мартуузай. Гүйцэд арилгаагүй үлдсэн саван (бусад бодис) нь хатахдаа гутлын гадна материалын сүвийг бөглөж амьсгалахад чадварт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Энэ нь бүх төрлийн арьсан (leather, suede, nuback) болон синтетик нийлэг даавуун гадартай гутлуудад бүгдэд нь хамаатай
4. Алчуур дэвсээд гутлаа доош нь харуулан тавиад өөрөөр нь хатаах хэрэгтэй. Угаалтаас үүдэлтэй чийгийг нь татах зорилгоор гутал дотроо сонингийн цаас хийж болно.
АНХААР: Огцмоор, их дулаан ялгаруулах зүйлсийн нөлөөгөөр гутлаа хатаах нь арьсан гуталны арьсыг агшааж улмаар гутал багадах, усны хамгаалалттай Gore-Tex доторлогооны сүвийг агшааж улмаар гутал амьсгалдаггүй болох зэрэг сөрөг нөлөөтэй.
Тиймээс дараах аргуудаас татгалзаарай. Үүнд:
• Паран дээр, доор тавих
• Нарны шууд хурц тусгалд тавих
• Ил галын дэргэд тавих
• Үсний халуун сэнс ашиглах
• Зуны их нар туссан машины хоншоор дээр, дотор салон дээр тавих
3 сэтгэгдэл
Хэрэгтэй зөвөлгөө байна баярлалаа
Асуулт Gore -tex ийн бөглөрсөн сүвүүдийг яааж нээх вэ мөн багахан урагдсан хэсгийг нөхөх боломжтой юу ? Танайд засвар байдаг уу ?
Баярлалаа
Маш хэрэгтэй гоё зөвлөгөө байна.баяраллаа