Хөлийн тавхайн эмгэг ба нумгүй хөл

Хөлийн тавхайн эмгэг ба нумгүй хөл

Хөлийн тавхайг эмгэг ба нумгүй хөлний талаар “Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн согог заслын эмч Б.Долгорсүрэнтэй ярилцаж дэлгэрэнгүй тайлбар авснаа та бүхэнд хүргэж байна.

Үсрэх үед хүний биед юу болдог вэ? Хүчтэй харайх, гүйх тохиолдолд биднийг юу доргилтоос хамгаалж, уян хатан болгодог юм бол? 
Хариулт нь их энгийн, энэ бол хөлийн нум. Гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын хувьд тун чухал биеийн энэ хэсгийн тухай ойлголт, мэдээлэл олон нийтэд хангалттай байдаггүйн улмаас өдийг хүртэл хүмүүс хөлийн нумын үүргийг дутуу үнэлсээр иржээ. Үр дүнд нь, бага насны хүүхдүүдийн дунд хөл нумгүйдэх буюу хавтгай тавхайн эмгэг олноор илэрч, улмаар тулгуур эрхтний гажиг, бөөр нурууны өвчлөл жил ирэх бүр залуужиж байна.

 

1ХӨЛИЙН НУМ ХЭЗЭЭ, ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?

Хүний хөл сарвуу хэсэг нь тавхайн бэлбэрхийн долоо, өлмийний тав, шивүүрийн 14, нийлээд 26 яснаас бүтдэг. Эдгээр яс нь хоорондоо холбогдон тогтохдоо хөлийн ул хэсэгт нуман хэлбэрийг үүсгэдэг бөгөөд тавхайн урт шөрмөс, богино шөрмөс, өсгийн шөрмөс, хатуу хальс гэсэн хэд хэдэн шөрмөсний тусламжтай бий болдог байна.

Хүүхэд хөлд орох хүртлээ хавтгай, бамбагар тавхайтай байдаг ба ихэнх тохиолдолд мариа буюу төрөлхийн тарга ихтэй байдгаас хөлийн нум нь ялгарч харагддаггүй бөгөөд энэ нь ч хэвийн үзэгдэл юм. Харин хөлд орох үйл явц буюу анхлан юм түшин зогсож эхлэх үеэс булчингийн хөгжил идэвхтэй явагдаж, түүний нөлөөгөөр тавхайн нум хөгжиж эхэлдэг аж. Олон улсад, хүүхдийг 2.5 нас хүртэл хавтгай тавхайтай байхыг эрүүл гэж үздэг. Ойролцоогоор 2-4 нас хүртэл буюу хоёр жилийн хугацаанд бүрэн хөгждөг тул эцэг эхчүүд энэ хугацаанд хүүхдээ сайтар ажиглаж, өсөлт хөгжилтийг зөв хангах нь тун чухал юм.

2. ХӨЛИЙН НУМ ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Хүний биеийг доргилтоос хамгаалж байдаг үндсэн хоёр механизм байдаг.
Нэгдүгээрт, багана нуруу. Нуруу нь хүний биеийн хүзүүнээс ахар сүүл хүртэл нумарсан хэлбэртэй байх ба явах, гүйх, үсрэх, харайх үед биеийг доргилтоос хамгаалдаг.
Хоёрдугаарт, хөлийн нум. Хөлийн нум нь дээрх хөдөлгөөнүүдээс ирж буй даралт, доргилтын хүчийг сарниулан, нуруунд ирэх ачааллыг багасгах, хуваарилах үүрэгтэй. Энгийнээр тайлбарлабал хөлийн нумыг хүний биеийн хамгаалалтын пүрш ч гэж болох юм. Ийм ч учраас хавтгай тавхайтай байх буюу бие доргилтод тэсвэргүй, хамгаалалтын системгүй байх нь бөөр, давсаг, нуруу, тулгуур эд амархан гэмтэж, ядарч, өвчлөх үндсэн шалтгаан болдог байна.
Уг асуудлаас үүдэлтэй элдэв өвчлөлийг тус тусад нь эмчлэхэд урт хугацаандаа үр дүн багатай байх эсхүл эргэн сэдрэх магадлал өндөр тул юун түрүүнд үндсэн шалтгаан болох хөлийн нумны хөгжилд анхаарах нь зүйтэй.

3. ХӨЛИЙН НУМ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ? 


Хэрвээ та  болон таны ойр дотнын хэн нэгэн, ялангуяа бага насны хүүхэд гүйж харайхдаа чанга, хүнд гишгэдэг, хөл нь амархан цуцдаг, амархан бүдэрч хөл алддаг болон ямар нэг хөлийн буруу хөгжил (Х хөлтэй, майжиг болох, өсгий хэт гадагшаа, эсвэл дотогшоо хэлбийх гэх мэт) ажиглагдаж буй бол яг одоо хөлийнх нь тавхайг шалгаж, тэгш гадаргуу дээр хэрхэн гишгэхийг нь ажиглаад үзээрэй.
Гэрийн нөхцөлд шалгахыг хүсвэл, интернэтэд нийтлэг зөвлөдөг арга болох хөлийн улыг будганд дүрж цаасан дээр гишгүүлэн хэлбэрийг нь харж шалгаж болох юм. Гэхдээ уг арга нь түр зуурын, эргэлзээ тайлах тохиолдолд л үр дүнтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Баталгаатай бөгөөд эргэлзээгүй үлдэхийн тулд мэргэжлийн эмчид хандаж, тохирсон үзлэг шинжилгээ хийлгэхийг зөвлөх байна. Хөлийн нумыг эмнэлгийн орчинд шинжлүүлснээр зөвхөн нум биш, биеийн нийт ачаалал хөлийн уланд жигд хуваарилагдаж буй болон тавхайн хөгжил зөв явагдаж байгаа эсэхийг шалгуулж, цаашид тохирсон гутлаа өмсөхөд илүү ойр дөхөм болдог.

4. ХӨЛ ЯАГААД НУМГҮЙДДЭГ ВЭ? 

Зарим хүмүүс хөл нумгүйдэхийг удмын эсхүл төрөлхийн хэмээн тайлбарлах нь бий. Үнэн хэрэгтээ энэ бол хөлийн нумын хөгжлийг тохирох насанд нь дэмжиж чадаагүй, булчин хөгжих нөхцөлийг бүрдүүлээгүйтэй түлхүү холбоотой байдаг. Орчин үед хавтгайн тавхайн эмгэг улам их болж байгааг хотжилттой холбон тайлбарлаж болно.

Хөл нумгүй болоход нөлөөлдөг шалтгаанууд:

Тэгш, толигор, цэвэр гадаргуу. Хөлийн нарийн булчин шаардагддаггүй, алхахад хэт амар газарт хөл нүцгэн алхах нь булчин хөгжихгүй байх гол шалтгаан болохоос гадна нэгэнт хөгжсөн булчинг ч сулруулж байдаг сул талтай. Жишээ нь, паркетан шал гэх мэт хөлөнд цочрол, ачаалал өгөхгүй гадаргуу дээр тогтмол алхаснаар хөл нумгүйдэж эхэлдэг.

Шийдэл:

Иймд, паркетан шалтай айлууд гэрийн нөхцөлд гуталгүй алхахаас нийтээрээ татгалзах нь зүйтэй. Ялангуяа хөлд орж буй бага насны хүүхдэдээ заавал хөлийн нум дэмжих углааш, гутал өмсгөвөл зохино

Хөл нумгүйдэх буюу хавтгай тавхайн эмгэг орчин үед олшрох болсон нь санамсаргүй тохиолдол биш. Өмнөх цаг үед хүүхдүүд бага байхаасаа голын эрэг, зүлэг, шороо, элс зэрэг бартаат гадаргуу дээр хөл нүцгэн алхдаг байсан нь хөлийн нумыг хөгжүүлэх гол шалтгаан болдог байжээ. Учир нь бартаат гадаргуу дээр алхах үед хүн хөлөө хумьж, арьс булчин цочирч, ингэснээр хөлийн нумын шөрмөсийг сайтар ажиллуулж, булчинг чангалдаг байв. Иймээс, зуны улиралд зөвхөн хүүхэд гэлтгүй том хүмүүс гээд бүх нийтээрээ зүлэг, чулуу зэрэг байгалийн гадаргуу дээр хөл нүцгэн алхаж дадаарай.
 

Гүйх, харайх орчин нөхцөл бага байх. Хөлийн нум гүйж, харайх үед сайтар хөгжиж байдаг. Иймд хүүхдээ хөдөлгөөнт тоглоом тоглуулах, тэр дундаа хөл, тавхайн булчинг хөгжүүлэхийн тулд гүйх, харайх хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй.

 

Шийдэл

Гадаа тоглуулахдаа савлуур, гулсуур зэрэг тоглоомоос гадна шатаар өгсөх, уруудах, гүйж уралдах зэрэг дасгал болж чадах хөгжөөнт тоглоомууд тоглуулах.

Зөөлөн ултай гутал. Энэ төрлийн гутлууд нь үндсэндээ хөлийн нумны эсрэг ажилладаг гэхэд болно. Хүүхэд, том хүний хэн нь ч болов жилийн бүх үед UGG, кет, пүүз, эсгий бойтог, балерина, резинэн углааш гэх мэт зөөлөн гутлуудыг ээлж дараалан өмсөх нь бие физиологийн хувьд тохиромжгүй сонголт байдаг. Мөн ямар ч тохиолдолд бага насны охин хүүхдэд гоёлын зориулалтаар 0.5-2 см өндөртэй гутлыг өмсгөхөөс эрс татгалзах нь зүйтэй. Бидний нүдэнд ялгаагүй харагдах тэр жижиг өсгий хүүхдийн хөл, нурууны хөгжилд хангалттай нөлөөлж чаддаг гэдгийг бодолцоорой

Шийдэл

Байнга хөлд эвтэйхэн гутал авалгүй солионы, ээлжний гутлуудаа аль болох төрөлжүүлж, сонголтоо баялаг болгох. Жишээ нь, жилийн дөрвөн улиралд ялгаатай зориулалт бүхий гутал өмсөж болох юм. Нэг улиралд нь зөөлөн ултай хөлд эвтэйхэн гутал өмссөн бол дараагийн улиралд хөлд яг таарсан бага зэрэг барьдаг арьсан гутал, дараа нь хатуу ултай, арай хүнд гутал гэх мэтээр. Энэ нь хөлийг нэг хэвэнд дасгаж, булчинг залхууруулахаас сэргийлэхэд тустай. Ялангуяа хүүхдээ хөлд орох үед өөрт нь тохирсон нумтай, хатуу гутал өмсгөж сургавал тавхайн булчинг тулж, хөгжих үндэс нь болно. (Ихэнх эцэг эхчүүд хатуу ултай гутал муу гэх ойлголттой байдаг.)

Мөн охидыг долоон нас хүртэл өсгийтэй гутал огт өмсгөхгүй байх, 16 нас хүртэл хэт өндөр өсгийт өмсгөхгүй байвал зохино.

5. ХАВТГАЙ ТАВХАЙ БУЮУ ХӨЛИЙН НУМГҮЙ БАЙХЫН ЭРСДЭЛ

Хавтгай тавхайн эхэн үед бараг л шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ хугацаа явах тусам хүүхэд хөлийн улныхаа аль хэсэгт ачаалал их авч байгаагаас шалтгаалан хөлийн ул өвдөх, хөл цуцах гэх мэт зовуурийг ойр ойрхон хэлж, улмаар өндөрт үсэрч чадахгүй болдог. Энэ нь ирээдүйд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг гэх мэт хүссэн спортоороо хичээллэх боломжийг багасгах эрсдэл тун өндөр. Мөн хөл Х хэлбэртэй болж, өвдгөнд өнцөг үүсэж болно.

Энэ байдлаараа удаан явбал өвдөгний үе хоорондын зай нарийсан, үений гадаргуу барзайх нөхцөл болдог. Алхах болон гүйх, харайх, үсрэх үед хөлийн уланд ирэх ачааллыг бууруулж чадахгүйтэй холбоотойгоор багана нуруунд хэт их ачаалал өгч нугалам хоорондын зай нарийсах, шахагдах, мэдрэлийн ёзоор дарагдах зэрэг хүндрэлүүд ч үүсэж болзошгүй. Мэдээж бөөр, давсганд шууд гэж болохуйц нөлөөтэй. Дээр хэлсэнчлэн хөл нумгүйгээс үүдсэн энэ мэт өвчлөлүүдийг тус тусад нь эмчлэх нь ач холбогдол багатай бөгөөд үүний гол шалтгаан болсон хөлийн нуманд анхаарлаа хандуулсан нь илүү үр дүнтэй.


6. ХАВТГАЙ ТАВХАЙН ЭМЧИЛГЭЭ, ГАРЦ ШИЙДЭЛ

Юуны өмнө аль болох эрт мэргэжлийн эмчид хандан оношлуулахыг зөвлөе. “Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв”-д энэ төрлийн оношилгоог мэргэжлийн эмч нар, тусгай тоног төхөөрөмж ашиглан хийдэг. Хавтгай тавхайн эмгэгийг мэс заслын болон мэс заслын бус аргаар эмчлэх боломжтой ч мэс заслын арга нь 100 хувь баталгаатай бусаас гадна ямар ч тохиолдолд шалгарсан арга болдоггүй тул эмч нарын зүгээс тогтвортой, тууштай явах мэсийн бус аргуудыг түлхүү зөвлөдөг.

Оношилгоо, эмчилгээ хийх насны үечлэл:

  • 2-4 нас: Оношилгоо, эмчилгээ хийх хамгийн тохиромжтой үе. Хөлийн нум шаардлагатай хэмжээнд хөгжиж чадна.
  • 5-11 нас:Оройтох хандлагатай. Эмчилгээ авч, үр дүн гарахдаа удаан боловч боломж байсаар байдаг.
  • 12 наснаас дээш:Оройтсон гэж болно. Учир нь, энэ насанд хүүхдийн тавхай, өвдөг зэрэгт нэгэнт бүтцийн өөрчлөлт орсон байдаг тул эмчилгээ авахдаа хэцүү болсон байдаг. Цааш нэмж бүтцийн өөрчлөлт оруулалгүй ирээдүйд элдэв хүндрэл үүсэхээс сэргийлэхийн тулд 12-оос дээш насны бүх хүмүүс гутландаа зориулалтын улавч дэвсэж, тэгш гадаргуу дээр хөл нүцгэн явахаас ямар ч үед татгалзан, зориулалтын дасгал хөдөлгөөн байнга хийнэ.

 

 

ЗОРИУЛАЛТЫН УЛАВЧ:

Хөлийн улны зургийг тусгай төхөөрөмжөөр авч, зөвхөн тэр хүнд тохирсон нумтай улавчийг захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Нумны өндөрлөг, талбай, байрлалыг нарийн тодорхойлж хийдэг учир бэлэн нумтай улавч гэхээс илүүтэй мэргэжлийн байгууллагад хандан захиалж хийлгэх нь илүү үр дүнтэй. “Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Протез, ортопедийн үйлдвэр уг үйлчилгээг тогтмол үзүүлж буй.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН:

Өдөр тутамдаа гэр бүлээрээ доорх дасгалуудыг хийх нь зөвхөн хөлийн нумын хөгжлөөс гадна хөлийг амраах, булчингийн ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой.

  • Хөлийн хуруунуудыг салгаж нийлүүлэх
  • Хөлийн хуруунуудыг доош ба дотогш хумих
  • Өлмий дээрээ зогсох
  • Хөлийн эрхий хурууг ээтийлгэх
  • Хөлийн хууруунуудыг дээш болгох
  • Жижиг бөмбөг гишгэх

 

БУСАД ТОХИОЛДОЛ

Хэт их нум. Хөлийн нумгүй байх, хавтгай тавхайтай байхын эсрэгцэл болох хэт их нумтай байх эмгэг ч гэж бий. Гэвч энэ нь хавтгай тавхайтай харьцуулахад маш бага тохиолддог бөгөөд ихэнх нь удмын онцлогоос шалтгаалсан байдаг. Мөн л мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай эмчилгээ авахгүй бол урт хугацаандаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Ахиллын шөрмөс агших. Ихэнх тохиолдолд хэт өндөр өсгийтэй гутал олон жил өмссөнөөс үүсдэг эмгэг. Олон жил өндөр өсгийт өмсөж дадсан хүн намхан ултай гутал өмсөхөөс татгалздаг. Энэ нь сурсан дадал гэхээс илүүтэй эмнэл зүйн хувьд удаан хугацаанд өсгийн шөрмөсийг дээш хэт сойж дасгасны улмаас шөрмөс агшсантай холбоотой байдаг. Урт хугацаандаа өвдгөнд хэт ачаалал өгч, өвдөгний ясыг сийрэгжүүлэх, өвдгөөр сийгдэг болох гэх мэт сөрөг үр дагавартай. Иймд шаардлагагүй үед аль болох намхан ултай гутал өмсөхийн сацуу өсгийг сайн жийж, агшсан шөрмөсөө сунгаж, суллаж байх хэрэгтэй.

 

Анхааран уншсан танд баярлалаа. Та өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч зөв сонголт хийгээрэй.

Блогууд руу буцах

1 сэтгэгдэл

Bayarlalaa bi hvvhdee medeegvi 8 hvrgesen bna odoo medej avlaa

Энхцэцэг

Сэтгэгдэл үлдээх