Алтай 5 богд уулын авиралтын замууд. Малчин, Наран, Бүргэд оргилууд

Алтай 5 богд уулын авиралтын замууд. Малчин, Наран, Бүргэд оргилууд

Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун захад нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумдыг заагт оршдог. Монгол Улсад «Богд» гэсэн үг орсон 280 гаруй уул байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374/ юм.

Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Наран зэрэг олон мөнх цаст оргилуудтай. Потанины мөсөн гол, Александрагийн мөсөн гол, Гранегийн мөсөн гол зэрэг 10 гаруй мөсөн голтой. Эдгээрийн хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 20 км урт. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана Алтай Таван Богд уулын Малчин оргилын зүүн бэлд оршино.

Жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 сард цаг агаар хамгийн тогтвортой байдаг тул илүү тохиромжтой юм. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлыг үзэж болдог.

Алтай Таван богд уул нь Өлгий хотоос ойролцоогоор 200 км зайд оршдог. Тус газарт очихын тулд Өлгий хот-Улаанхус сум-Согог баг-Хөх хөтөл баг-Ойгорын гол-Алтай Таван богд, эсвэл Өлгий хот-Улаанхус сум-Цэнгэл сум-Загаст нуур баг-Шивээт хайрхан-Цагаан гол-Алтай Таван богд гэсэн үндсэн 2 маршрутаар машинаар явах боломжтой.

Малчин оргил – 4034м
Малчин оргил – 4034м нь Монгол улс, ОХУ-ын хилийн зааг дээр оршино.
Замын ангилал нь 1Б. 
Оргилын газарзүйн солибцол: N49°10'18"E87°52'30"
Авиралтын бааз лагериас Малчин оргил хүртэл 5,8 км. Оргил хүртэл жим замтай. Оргилын бэлд хүрээд цастай хэсэг, чулуутай хэсгийн заагаар нуруулдаж авирна. Авиралтын замыг жижиг чулуун овоо босгож тэмдэглэсэн байдаг. Замын чулуутай хэсэг нь сул учир хальтирч гулгах аюул үүсдэг тул болгоомжтой авирах шаардлагатай. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 37 градус, хамгийн эгц хэсэгтээ 50 градус хүрнэ.
Авиралтанд дундаж хурдтай групп 6-7 цаг зарцуулдаг. 3500 метрээс эхлэн цаг агаарын эрс өөрчлөлтүүд үүсдэг. Салхины хүч 9м/с-ээс их тохиолдолд, цаг агаар муу үед авирахыг хориглоно. Авиралтын эхлэх цаг 6-9-ийн үед байвал тохиромжтой. Авиралт 9 цагаас оройтож эхэлсэн тохиолдолд авиралт хийх шаардлагагүй. 2014 онд Малчин оргилоос бууж явсан уулчин цагийн тооцоолол буруу хийснээс болж харанхуйд буух үедээ чулуун дээрээс хальтирч унан амь эрсдэж байсан. 
Авиралтанд тусгай тоноглол шаардлагагүй. Авирагч нь явган аяллын таяг, трекийн гутал, тухайн цаг агаарт тохирсон хувцас хэрэглэл, цаг агаар муудсан үед өмсөх хувцас, өдрийн хоол, өөрт хангалттай хэмжээний ус, толгойн гэрэл, малгай, GPS, багийн радио холбоотой байх шаардлагатай. 
Оргилоос хүмүүс уулын цастай хэсгийг даган гулгаж, бөгсдөж буух тохиолдол нилээдгүй байдаг ба ийм үйл хийж болохгүй гэдгийг анхааруулж байна.
Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана.
Та ЭНД дарж тохирох гутлаа сонгоорой.
Наран оргил – 3884м
Замын ангилал: 2А
Оргилын газарзүйн солибцол: N49°8'28" E87°53'5"
Бааз лагериас N49°8'59" E87°56'36" аялал эхэлж Потаниний мөсөн голыг гаталж Наран оргилын бэлд хүрнэ. Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Хадтай талаа барьж авирна. Бааз лагериас Наран оргил хүртэл 4.5км
Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд муурын хумс, хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна.
Авиралт үргэлжлэх хугацаа 8-9 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 45 градус, хамгийн эгц хэсэгтээ 65 градус хүрнэ. Халтирч гулсах аюул авиралт үргэлжлэх бүх үеийн туршид байна гэдгийг анхааруулж байна. Оргилд хүрэх эгц хэсэгт ангалтай гэдгийг анхааруулж байна. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана. Хөтөч группын ур чадвар туршлагаас хамаарч авиралтын үед хамгаалалт, мөн олс тавьж авирах шаардлагатай. Авиралтанд зарцуулах цагийг богиносгож дундын кэмп байгуулж авирч болно.
Та ЭНД дарж тохирох гутлаа сонгоорой.
Бүргэд оргил – 4068м
Замын ангилал: 2А
Оргилын газарзүйн солибцол: N49°6'54" E87°53'44"
Бааз лагериас N49°8'59" E87°56'36" аялал эхэлж Потаниний мөсөн гол, Александрагийн мөсөн голыг гаталж Бүргэд оргилын бэлд хүрнэ. Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Бааз лагериас Бүргэд оргил хүртэл 5,8км
Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд муурын хумс, хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна.
Авиралт үргэлжлэх хугацаа 8-9 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 50 градус, хамгийн эгц хэсэгтээ 70 градус хүрнэ. Халтирч гулсах аюул авиралт үргэлжлэх бүх үеийн туршид байна гэдгийг анхааруулж байна. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана. Хөтөч группын ур чадвар туршлагаас хамаарч авиралтын үед хамгаалалт, мөн олс тавьж авирах шаардлагатай. Авиралтанд зарцуулах цагийг богиносгож дундын кэмп байгуулж авирч болно.
Та ЭНД дарж тохирох гутлаа сонгоорой.
Эх сурвалж: http://mongoliaexpeditions.blogspot.com
La Sportiva Mongolia
Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх