Монголд өндөр уулын спорт хөгжсөн түүх

Монголд өндөр уулын спорт хөгжсөн түүх

Манай оронд уулын спортыг хөгжүүлэх нөхцөл бололцоо нь Монгол орны газар зүйн байрлалтай холбоотой. Монголын ард түмэн эрт үеэс мал маллах, ан гөрөө хийхдээ өндөр ууланд гардаг байсан нь уулын спорт үүсч хөгжих үндэс болжээ. Өнгөрсөн зууны дунд үеэс ууланд авирахыг спортын төрөл болгон хөгжүүлэх алхам хийсэн билээ. Тухайлбал, 1951 онд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд (д.т.д 2800 м) авиралт хийхээр арван хүн саналаа өгчээ. Бэлтгэл сургуулилт хийж байгалийн саад бэрхшээлийг даван туулахаа илэрхийлсэн уулчдын Ж.Нямсүрэн ахлагчтай анхны багийн бүрэлдэхүүн 1951 оны зургадугаар сарын 24-нд Асралт хайрханы оройд гарч Монгол Улсынхаа далбааг мандуулсан нь манай улсад уулын спорт үүсэх эх үндэс болсон гэж үздэг.

Манай уулчид хоёр дахь удаагийн авиралтаар Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр (д.т.д 4031 м) хайрханд авирч 1955 оны зургадугаар сарын 1-нд оргилд гарсан нь цас мөстэй ууланд авирсан анхны авиралт хэмээн уулын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Энэ авиралтад арван хүн оролцож оргилд гарчээ. 

 

 

 

Мөн гурав дахь удаагийн авиралтыг Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай Таван богд уулын Хүйтний оргилд 1956 оны зургадугаар сард авиралт хийж 11 хүн оргилд гарснаар манай улсын уулын спортын түүхэнд эх орныхоо ноён оргилд гарсан анхны тохиолдол болсон юм. Энэ авиралтад оролцсон уулчдаас нэр бүхий хүмүүс "Уулын спортын мастер" гэсэн цол хүртсэн нь уулын спорт төдийгүй Монгол Улсын спортын мастеруудын анх­дагчид  болсон үйл явдал билээ.

 

 

 

Эдгээр авиралтаас хойш Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад уулын спортоор хичээллэх залуусын тоо өссөн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1981 онд “Сутай” уулын клубийг байгуулж, 2012 оноос нутгийн  хүү уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб болон өргөжиж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Одоогоор МУҮХ-нд бүртгэлтэй 30 гаран уулын клубүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Богд Очирваань уулын ар хормойд мэндэлсэн есдүгээр ангийн жаахан охин Я.Лутжав Отгонтэнгэрийн зулайд 1957 онд гарсан нь Монголын уулчдын түүхэнд өндөр уулын оргилд  гарсан анхны монгол эмэгтэй уулчин хэмээн тэмдэглэгдэн үлдсэн нэгэн  сонирхолтой түүх буй. 

 Монгол Улсад уулын спортын төрлийн олон нийтийн байгууллага болох Монголын Уулчдын холбоог Улсын биеийн тамирын хорооны тэргүүлэгчдийн 1955 онд байгуулсан нь шинэ тутам хөгжиж байсан спортын төрлүүдээс анхны холбоо болсон түүхтэй.

Манай уулчдаас спортын мастер Л.Бямбадорж ЗХУ-д оюутан байхдаа уулын спортын багш бэлтгэх сургуульд сурч 1961 онд төгссөн нь уулын спортын анхны багш болсон төдийгүй гадаадын өндөр ууланд авирсан Монголын анхны уулчин болжээ. Тэрбээр Кавказын нурууны салбар уул Уны-Тата (д.т.д 5260 м) оргилд авирсан байна.

Монголын уулчдын түүхэнд 1965-1975 он  онцлог  жилүүд байв. Гадаад орны д.т.д 7000 м-ээс дээш оргил Пик Ленин (д.т.д 7134 м)-д Л.Лувсандаш,  Р.Занабазар, Коммунизмын оргилд (д.т.д 7495 м) Г.Найдан, Л.Лувсандаш, Р.Цэвээн нар гарч ялалт байгуулав. Мөн Европ тивийн ноён оргил Эльбруст (д.т.д 5642 м) Монголын уулчид багаараа гарсан.  Тухайн жилүүдэд өөрийн орны болон олон улсын уулчидтай хамтарсан “Альпинад” цугларалт авиралтыг жил бүр зохион байгуулж ирсэн нь уулын спорт хөгжихөд чухал түлхэц болсон билээ.    

Монголын уулчдын холбооноос  тухайн он жилүүдэд өөрийн орны өндөр ууланд авирах, улмаар гадаад орны ууланд авирахын зэрэгцээ тэдгээр улсын уулчдын ур чадвар туршлагаас суралцах, мөн уулын спортын нэг төрөл "Ханан хаданд авирах" туршлага судлахаар 1968 онд спортын мастер Б.Гэлэгшинэн ахлагчтай баг ХБНГУ-д, Спортын мастер Я.Жанцан ахлагчтай баг 1969 онд Польш улсад тус тус явж ханан хаданд авирах дасгал сургууль хийж ирснээр манай улсад ханан хаданд авирах анхны эхлэлийг тавьсан гэж үздэг.

Зах зээлийн нийгэмд шилжиж байсан жилүүд нь уулчдын хувьд хүнд үе байсан боловч тухайн он жилүүдэд өөрсдийн зориг тэвчээр, авхаалж самбаагаа дайчлан урьд явуулдаг байсан тэмцээн, авиралтыг үргэлжлүүлсээр байв.

Тухайн жилүүдэд гадаад арга хэмжээ өргөжиж Казахстан, ОХУ, Балба зэрэг орны уулчдын байгууллагатай холбоо тогтоон Гималайн ууланд монгол хүн хөл тавих анхны алхмыг тавьсан.

Казахстаны Хантэнгэр (д.т.д 7010 м), ОХУ-ын Эльбрус (д.т.д 5642 м), Саяны уулсад, Гималайн Наянхан (д.т.д 5896 м), Жоунли (д.т.д 6632 м), Францын Монблан (д.т.д 4807 м), Лениний оргил (д.т.д 7134 м), Африк тивийн ноён оргил Килиманжаро (д.т.д 5895 м), Өмнөд Америк тивийн ноён оргил Акангакуа (д.т.д 6962 м),  Хойд Америкийн ноён оргил Денали (д.т.д 6194 м) зэрэг оргилуудад Монголын уулчид авирч байсан байна.

Монголын уулчдын гадаадад өндөр ууланд авирах авиралтууд үргэлжилж Казахстаны Тянь-Шяны нуруунд (д.т.д 6218 м) Гималайн уулын салбар Лобуче (д.т.д 6119 м), Мера пик (дт.д 6429 м), мөн Чой-Оюу (д.т.д 8201 м)-т Л.Болдбаатар авирч анхны 8000 метрт гарсан уулчин болсноос гадна 2005 онд Эверест (д.т.д 8848 м)-д Г.Өсөхбаяр Балбын талаас, 2006 онд Төвдийн талаас хоёр дахь удаагаа тус тус авирч, Антарктид тивийн ноён оргил Винсон (д.т.д 4892 м)-д Г.Ганхүү  нар  гарч төрийнхөө далбааг мандуулжээ. Мөн жилүүдэд Эверестэд авирах авиралт үргэлжилж эмэгтэй уулчид д.т.д 8700 метрийн өндөрт гарч чадсан нь манай эмэгтэй уулчдын дээд амжилт болж байв. Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Эверест 8848м(2011) гарсан анхны Монгол эмэгтэй болж улмаар дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2-т 2018 онд хөл тавьсан анхны монгол хүн болсон.

 

Уулын гутал хувцсаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг Италийн домогт La Sportiva брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа бидний хувьд Монголынхоо уулчидыг гэмтэл бэртэлгүйгээр олон олон авиралтуудыг хийж, дэлхийн тавцанд улам өндөр амжилт гаргах болтугай хэмээн хүсэж зориулалтын бөгөөд чанартай гутал хувцас, хэрэгслээр нь хангах тал дээр хичээн ажиллаж байна.

Хүндэтгэсэн:

La Sportiva Mongolia

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх